|
Лхагва, 6-р сар 19 , 2013
|
|
|
| Дугаар эрхэлсэн: Давхардаваагийн ГАНСАРУУЛ |
Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн хүүхдийн эмч нар ачаалал ихтэй байна.
Баянгол дүүргийн
Эрүүл мэндийн
нэгдлийн хүүхдийн
ерөнхий зохицуулагч
эмч Н.Үнэгэнцагаан
хүүхдийн өвчлөлөөс гэрийн нөхцөлд хэрхэн сэргийлэх талаар зөвлөснийг хүргэе.
-Сүүлийн үед бага насны хүүхдийн өвчлөл их байна. Та эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-0-5 насны хүүхдийн өвчлөл өвлийн энэ саруудад эрс нэмэгддэг. Бага насны хүүхдэд ихээр тохиолддог амьсгалын замын халдварт өвчин, суулгалт, чихний үрэвслээс гадна хүүхдийн суурь эмгэг болох сульдаа (рахит), цус багадалт, тураал, шимэгч хорхойн халдварууд хүүхдийг өвчлөмтгий болгоход голлон нөлөөлж байна. Иймд манай нэгдлийн эмч нар хүүхдийн биеийн байдлыг цогцоор нь үзэж эмчилж эхлээд байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн ханиад ямар түвшинд байгааг үзэж оношлохоос гадна суурь эмгэгийг нь хамт үзэж зөвлөгөө өгч байна. ЭМЯ-ны сайдын тушаалаар 0-5 насны бүх хүүхдэд эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нээн хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь хянаж шаардлагатай үед зохих арга хэмжээг авч байхыг эмч мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Эцэг эхчүүд 0-1 насны хүүхдийг сар болгон, 1-3 настайд нь улиралд, 3-5 настай бол жилд нэг удаа биеийн өсөлтийн үзүүлэлтийг үзүүлж байх ёстой.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ямар ач холбогдолтой вэ?
-Бага
насны буюу 0-5 насны бүх хүүхэд энэ дэвтрийг харьяалагдах өрхийн эмнэлэгтээ нээлгэн хөтөлж байх хэрэгтэй. Ураг эхийн хэвлийд байх үеэс нь эрүүл бойжих бүх зөвлөмж байгаа. Мөн жирэмсэн эхэд тулгарах эрсдэлтэй шинж тэмдгийг ч гэсэн тэмдэглэж өгсөн. Эхчүүд ургийг эрүүл, хэвийн тээх боломжийг энэ дэвтэртэй зөв ажилласнаар мэдэж авна.
-Бага насны хүүхдүүд өвчлөмтгий байгаа гол шалтгаан нь суурь эмгэг гэж та ярилаа. Суурь эмгэг хэрхэн илэрдэг вэ. Яаж сэргийлэх ёстой вэ?
-Суурь
эмгэгийн нэг хэлбэр сульдаа буюу рахит. Сульдаа нь "D" амин дэмийн дутагдлаас үүсдэг. "D" амин дэмийн дутагдлаас 0-6 сартайд нь хүүхдийн бие организмд өөрчлөлт үүсч хүүхэд цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, шээс нь хурц үнэртэй болдог. "D" амин дэм нь кальцийг нөхөж байдаг.
-Нярай хүүхдүүдэд кальци ямар ач холбогдолтой вэ. Дутагдвал яадаг вэ?
-Кальци
дутагдвал хүүхэд 6 сартайгаасаа ясанд нь өөрчлөлт үүсч толгой нь дөрвөлжилж данхайх, цээж нь хавчийж шувуун цээжтэй болох, бие дээгүүр нь сампингийн эрхи шиг товгор гөвдрүү үүсэх зэрэг гаж шинжүүд илэрдэг. Жирэмсэн эх жирэмсний сүүлийн хоёр сард "D" амин дэмийг тогтмол уух шаардлагатай.
-Дээрх шинжүүд илэрвэл яах вэ?
-Эм
бэлдмэлээс илүү агаар салхи, нарны туяа хэрэгтэй. Нарны туяа "D" амин дэмийг ихээр ялгаруулдаг. Дулааны улиралд нарнаас харин өвлийн улиралд витамин "D"-ийн хоногийн хэрэгцээг нар болон бусад амин дэмээр нөхөж авах хэрэгтэй. Нарны багахан гэрэл хүүхдийн нүүрэнд тусахад л "D"-г биедээ боломжийн хэмжээгээр шингээж авдаг.
-Гадаа утаатай байхад нярай хүүхдийг салхилуулах хэрэг байна уу?
-Агаар
бохир байгаа хэдий ч гадаах нарны тусгал гэрт байхаас хэд дахин илүү. Утаа ихтэй үед агаарт гаргах аюултай гэж та зайлсхийх хэрэггүй. Хүүхдийг нэг сараас дээш 10-15 минут, харин нэг наснаас 20-30 минут заавал агаарт гаргаж хэвш. Нар хөөрөөд агаар бүлээссэн үед гаргавал зүгээр. Суурь эмгэгээс сэргийлэх бас нэг арга нь усанд байнга оруулж чийрэгжүүлэх. Хүүхдийн амьсгалын эрхтний бүтэц томчуудыг бодвол амьсгалах суваг нь нарийн байдаг ба хүүхдийн амьсгалын ихээхэн хэсгийг арьс гэж үздэг. Бага насны хүүхдийн арьс хөлрөмтгий, амархан тослогжиж бохирддог. Тэгэхээр 0-28 хоногтой нярайг өдөр бүр, 0-3 сартайг 2-3 удаа, гурван сараас дээш настай хүүхдийг долоо хоногт нэг удаа заавал усанд оруулж биеийг нь тосолж байх хэрэгтэй. Харин манайхан сүүлний тосыг нярай хүүхдэд их хэрэглэдэг. Энэ нь тийм ч зөв сонголт биш. Сүүлний тос тохирсон зүйлдээ сайн байхаас биш шингэц муутай учир нялх хүүхдийн арьсыг амархан нурааж улайлгадаг. Тослохдоо "А", "D" амин дэм ихтэй загасны тос байнга хэрэглэвэл зүгээр. Цус багадалт нь суурь эмгэгийн нэг хэлбэр. Эх төрөхийн өмнө цус багадалттай байсан бол хүүхэд мөн тийм өвчтэй төрдөг. Иймээс та өөрийн гарын алгыг хүүхдийнхээ гарын алгатай харьцуулж цус бага байгаа эсэхийг шалгаж үзэж болно. Таны гарын алганаас цайруу байвал хүүхдийн цус бага байна гэсэн үг. Ураг хэвлийд бойжиж эхлэх үеэс цус төлжүүлдэг төмрийн бэлдмэлтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Малын махнаас гадна хэл, элэг, таван цул төмрөөр баялаг хүнсэнд ордог. Нэгэнт цус багадалттай төрсөн хүүхдийг зургаан сар хүртэл нь эмийн эмчилгээгээр төмрийг нөхөх, харин нэмэлт хоол идэх болсон үед нь хоол хүнсээр нь төмрийг нөхөх хэрэгтэй. Хүүхэд жиндээ хүрэхгүй тураалтай байх нь өвчлөлд өртөхөд нөлөөлдөг. Иймд хүүхдийг зургаан сар хүртэл дан хөхөөр цаг харгалзахгүй хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Угжийг хэдий сайн цэвэрлэж байгаа ч бүрэн ариутгагддаггүй. Иймээс хүүхдэд гэдэсний элдэв нян халдварлах аюултай. Угж их хэрэглэсэн хүүхдийн гэдэс дүүрэх цанхайх, хэлд хожуу орох сөрөг талтай.
-Витамин амин дэмийн хэрэглээг хэрхэн тохируулах вэ?
-Аливаа
эмийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь "D" амин дэм ихэдвэл дутагдсаны адил шинжүүд илрэхээс гадна хордлого өгдөг. "С" витамины тунг хэтрүүлж хэрэглэвэл бөөрийг гэмтээх аюултай. Хүүхэд өвчилсөн үед гэрийн асаргааны гурван зарчим гэж бий. Үүнд: дулаан, шингэн зүйл уулгах, нэмэлт хооллолт. Хүүхдийг өвчтэй үед хэт халууцуулах, дааруулах өвчнийг хүндрүүлдэг. Иймээс 0-2 сартай хүүхдийг 22 градусын тасалгааны температурт харин хоёр сараас дээш бол 18-20 градуст байлгах нь зүйтэй. Хүүхэд халуурсан тохиолдолд шингэн сайн уулгах, сайн хөхүүлэх, хүйтэн жин тавих, биеийг нь нойтон алчуураар арчих хэрэгтэй. Хүүхдийн хэвийн биеийн халуун дээд тал нь 37,5 градус байх ба үүнээс дээш халуунтай байвал халуурч байна гэсэн үг.
Л.БОЛОРЦЭЦЭГ
| Валютын нэр | Нэгж | Төгрөг валюттай | Өөрчлөлт |
| USD | 1437.98 | -1.1 |
|
| EUR | 1923.3 | -5.6 |
|
| JPY | 15.13 | -0 |
|
| GBP | 2256.84 | 1.2 |
|
| RUB | 45.11 | 0.5 |
|
| CNY | 234.66 | -0.1 |
|
| KRW | 1.27 | 0 |

